Төсөл, хөтөлбөрүүд
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг
хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг
дэмжих үндэсний хөтөлбөрийн тухай
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлан хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, тэдний онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн олон асуудлыг сайжруулах арга хэмжээг хуульчлан заасан.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 тоот тогтоолд заасны дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа.
Үндэсний хөтөлбөр нь 8-н зорилго, 34 зорилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг төлөвлөн орууллаа.
Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх нийтлэг журам /2016 оны 5 дугаар сарын 9-ны өдөр баталсан/-ын дагуу боловсрууллаа.
Үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенци, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний “Эрхийг бодит болгох” Инчеоны стратеги, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд /2015-2030/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичигт туссан зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Үндэсний хөтөлбөрийг боловсруулах явцад 2014 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 11-ны хооронд хуралдсан НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хорооны 11-р уулзалтын хүрээнд гаргасан Ерөнхий зөвлөмжийн заалтуудыг авч үзсэн болно.
Та бүрэн эхээр нь эндээс татаж авна уу