МХҮХ-ны дүрэм, журам

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дүрэм

 

МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ДҮРЭМ

 

2021.09.13                                                                                                                                   Улаанбаатар хот

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь гишүүддээ үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага байна.

1.2. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны оноосон нэр нь “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”, хураангуйлснаар /МХҮХ/, англиар “Mongolian national federation of the blind”, хураангуйлснаар /MNFB/ байна

1.3. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрэм эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.4. МХҮХ нь Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны гишүүн байгууллага байна.

1.5. Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь өөрийн билэгдэл тэмдэг, түүх уламжлал, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данс, тамга тэмдэгтэй байна.

1.6. МХҮХ нь тус холбооны төв удирдлага байрлаж буй газарт байрлана.

1.7. МХҮХ нь аливаа улс төрийн нам, эвсэл, бүлэглэл, шашины байгууллагаас хараат бус байна.

Хоёр. Зорилго

2.1. МХҮХ-ны зорилго нь хараагүй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, хүний хөгжлийг дэмжих, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд оршино.

2.2. Үнэт зүйл:

МХҮХ-ны үнэт зүйл нь хараат бус байх,  ил тод байх, тэгш хүртээмжтэй байх, хүний эрхийг хүндэтгэх, ардчилсан байх, нэгдмэл байдал, орон нутгийн оролцоог дэмжих, эргэх хариуцлагатай байх, гишүүн төвтэй байх

2.3. Зарчим

Хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх; үл ялгаварлан гадуурхах; гишүүн бүрийн үр дүнтэй бүрэн дүүрэн оролцоог хангах;дуу хоолойг нэгтгэх, эрх мэдлээ хуваалцах

Гурав. МХҮХ-ны үйл ажиллагаа

3.1. Хараагүй иргэдийн нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж, соёл урлаг, спортын үйл ажиллагааг сайжруулах,

3.2. Хараагүй хүний эрх зөрчигдсөн болон бусад асуудлаар хүсэлт гаргаж, санал боловсруулан төр, захиргааны болон холбогдох байгулллагууудад хандан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,

3.3. Хараагүй ахмад настан, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг явуулах, энэ чиглэлээр бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах,

3.4. Дэлхийн Хараагүйчүүдийн Холбоо, бүс нутгийн хараагүйчүүдийн холбоо болон бусад олон улсын хараагүйчүүдийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож хамтран ажиллах

3.5. Хараагүй иргэдэд зориулсан туслагч хэрэгсэл, мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг нэвтрүүлэх

3.6. Хараагүй иргэдтэй холбоотой асуудлаар төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх

3.7. МХҮХ-ны зорилгод нийцсэн бусад төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах

3.8. Брайль бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх

Дөрөв. МХҮХ-ны байгуулалт

4.1. МХҮХ нь хамтын удирдлагын ардчилсан зарчимд тулгуурлан ажиллана.

4.2. МХҮХ-ны бүх шатны сонгуулийг илээр болон нууцаар санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал хураалтыг цахимаар зохион байгуулж болно.

4.3. Аливаа асуудлыг хууль, тогтоомж болон МХҮХ-н дүрмийг үндэслэн олонхийн саналаар шийдвэрлэх боловч цөөнхийн саналыг хүндэтгэн үзнэ.

Тав. МХҮХ-ны Их Хурал, түүний бүрэн эрх

5.1. МХҮХ-ны удирдах дээд эрхийг их хурал хэрэгжүүлнэ.

5.2. Их хурлыг 4 жил тутамд нэг удаа хуралдуулна.

5.3. Ээлжит бус их хурлыг МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн дөрөвний гурав 3/4, эсхүл нийт гишүүдийн гуравны хоёроос 2/3–оос доошгүй хувийн саналаар зарлан хуралдуулна.

5.4. Их хурал нь аймаг, нийслэлийн бага хурлуудаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

5.5. Их хурлын төлөөлөгчдийн ирц дийлэнх олонхи буюу 66.6%-с дээш байвал хурлыг хүчинтэйд тооцно.

5.6. МХҮХ-ны хандивлагч гишүүн их хуралд ажиглагчаар, хүндэт гишүүд урилгаар таслах эрхгүй оролцож болно.

5.7. Их хурал нь МХҮХ-ны дүрэм, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батална.

5.8. Их хурал нь удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө.

5.9. Их хурал нь МХҮХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батална.

5.10. Их хурал нь өөрийн бүрэн эрхт хамаарах асуудлаар тогтоол гаргана.

Зургаа. МХҮХ-ны Удирдах зөвлөл, түүний бүрэн эрх

6.1. МХҮХ-ны удирдах зөвлөл 23 гишүүнтэй байх бөгөөд 11 гишүүн нь хөдөө орон нутгийн төлөөлөл байна.

6.2. Удирдах зөвлөлийн дарга нь МХҮХ-ны ерөнхийлөгч байна.

6.3. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн анхны хурлыг удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос насаар хамгийн ахмад гишүүн удирдана.

6.4. Удирдах зөвлөлийн гишүүн жил бүр хувийн хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн жилийн 1 сарын 31-ний дотор гаргах бөгөөд шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүн 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж МХҮХ-ны сайтад байршуулна.

6.5. Удирдах зөвлөлийн гишүүн нь МХҮХ-ны гишүүний татварыг бүрэн төлсөн байх ба гишүүнийхээ татварыг төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.

6.6. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 4-өөс доошгүй удаа хуралдуулна.

6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийн ирц олонхи буюу 51.0%-с дээш байвал хурлыг хүчинтэйд тооцно.

6.8. Удирдах зөвлөлийн хурлыг цахимаар хуралдуулж болох бөгөөд энэ тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн албан ёсны бүртгэлтэй хаягнаас оролцоно.

6.9. Удирдах зөвлөл нь МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож батална, чөлөөлнө.

6.10. Энэхүү дүрмийн 13.1 д заасан хамаарал бүхий этгээдүүд Удирдах зөвлөлд сонгогдсон тохиолдолд: илүү олон санал авсан төлөөлөгчийг сонгогдсонд тооцох, төлөөлөгчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалтыг явуулж шийдвэрлэнэ.

6.11. Удирдах зөвлөлийн гишүүнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар, өөрийн хүсэлтээр, нэг жилд хуралдсан УЗ-н нийт хурлын гуравны нэг 1/3-ээс дээш хувьд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол эсхүл МХҮХ-ны нэр хүнд, үйл ажиллагаанд харшлах ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд чөлөөлж Удирдах зөвлөл тогтоол гаргана.

6.12. Ор нь гарсан удирдах зөвлөлийн гишүүний оронд их хурлаас удирдах зөвлөлд нэр дэвшиж, төлөөлөгчдөөс авсан саналын тоогоор эрэмблэгдсэн жагсаалтыг үндэслэн дараагийн нэр дэвшигчдийг УЗ-н гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцно.

6.13. Удирдах зөвлөл нь МХҮХ-ны үйл ажиллагааны ойрын ба хэтийн чиглэл, стратеги, бодлогыг тодорхойлно.

6.14. МХҮХ-ны жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батлана.

6.15. Удирдах зөвлөл нь Ерөнхий нарийн бичгийн даргын жилийн ажлын тайланг хэлэлцэж дүгнэнэ.

6.16. Гадаадын ба олон улсын байгууллагатай харилцах асуудлын чиглэлийг тогтооно.

6.17. МХҮХ-ны дэргэд ажиллах бүтцийн байгууллагуудын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

6.18. МХҮХ-ны дэргэдэх орон тооны бус зөвлөлүүдийн асуудлыг хэлэлцэж тайланг дүгнэж, зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгож батална.

6.19. МХҮХ-ний УЗ-ийн  дэргэд аймаг нийслэлийн салбар зөвлөлийн  дарга нараас бүрдсэн гүйцэтгэх хороо байж болох бөгөөд гүйцэтгэх хороо нь зөвлөлдөх эрхтэй байна.

6.20. Удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дараагийн шинэ удирдах зөвлөлийн гишүүд сонгогдсон тухай их хурлын тогтоол гарсанаар дуусгавар болно.

Долоо. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, түүний бүрэн эрх

7.1. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн гишүүн байна.

7.2. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг дахин нэг удаа улируулан сонгож болох бөгөөд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нийт 8 жилээс илүүгүй байна.

7.3. МХҮХ-ны ерөнхийлөгч нь холбоог гадаад дотоодод төлөөлнө.

7.4. МХҮХ-ны ерөнхийлөгчийн эзгүйд дэд ерөнхийлөгч орлон түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

7.5. МХҮХ-ны ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн хурлыг зарлана, удирдана.

7.6. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь МХҮХ-ны нэр хүнд, үйл ажиллагаанд харшлах ёс зүйн алдаа, ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргасан тохиолдолд чөлөөлнө.

7.7. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь өөрсөдтэй нь холбоотой аливаа санал гомдол ирсэн тохиолдолд удирдахзөвлөлийн хурлыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд ерөнхийлөгчтэй холбоотой асуудал хэлэлцэх хурлыг дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчтэй холбоотой асуудал хэлэлцэх хурлыг тухайн удирдах зөвлөлийн хуралд оролцож буй гишүүдээс насаар хамгийн ахмад гишүүн нь удирдан явуулна.Энэхүү хуралд хяналтын зөвлөлийн дарга гишүүд таслах эрхгүйгээр ажиглагчаар  оролцоно.

7.8. МХҮХ-ний ерөнхийлөгчийн дэргэд өмнө нь МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн зөвлөх эрхтэй оронтооны бус зөвлөлийг ажиллуулж болно.

Найм. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга түүний бүрэн эрх

8.1. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг МХҮХ-ны ерөнхийлөгчийн санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлана.

8.2. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

8.3. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбооны жилийн ажлын төлөвлөгөө төсвийг боловсруулж, батлуулах, төсөв хөрөнгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна.

8.4. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавьж, бүртгэл тооцоог шаардлагатай түвшинд байлгах ажлыг зохион байгуулна.

8.5. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбоог санхүүгийн эхүүсвэрээр хангах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.

8.6. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргаж, МХҮХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.

8.7. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь тус холбоонд хөдөлмөрийн гэрээгээр хүмүүсийг авч ажиллуулна, ажлаас чөлөөлнө.

8.8. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь МХҮХ-ны салбар зөвлөл, бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг удирлагаар хангана.

8.9. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь МХҮХ-г эрх хэмжээнийхээ хүрээнд бусдын өмнө төлөөлнө.

8.10. МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь МХҮХ-ны нэрхүнд, үйл ажиллагаанд харшлах ёс зүйн алдаа, ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргасан тохиолдолд, чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан бол эсхүл МХҮХ-ны ерөнхийлөгч Удирдах зөвлөлд чөлөөлөх санал оруулбал удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ес.МХҮХ-ны хяналтын зөвлөл, түүний бүрэн эрх

9.1. МХҮХ-ны Хяналтын Зөвлөлийг их хурлаас 5 гишүүний, салбарын хяналтын зөвлөлийг аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн бага хурлаас 3 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгож батална.

9.2. Хяналтын зөвлөлд МХҮХ-ны гишүүн бус иргэд сонгогдож болно.Хяналтын зөвлөлд хараагүй гишүүний төлөөлөл байна.

9.3. Хяналтын зөвлөл МХҮХ-ны дүрмийн хэрэгжилт, санхүүгийн зарцуулалт, эд аж ахуйн бүртгэл, гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, бичиг хэргийн хөтлөлт, эмх цэгц, санал гомдол хүсэлт барагдуулалтанд хяналт тавьж шалгана.

9.4. Хяналтын зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны тайланг МХҮХ-ны удирдах зөвлөл, МХҮХ-ны бүх гишүүдэд жилд нэг удаа танилцуулна, их хуралд тайлагнана.

9.5. МХҮХ нь ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд тус дүрмийг нийт гишүүдээс санал авсны үндсэн дээр хяналтын зөвлөл баталж, хэрэгжүүлж, хяналт тавина.

Арав. МХҮХ-ны салбар, зөвлөл, түүний бүрэн эрх

10.1. МХҮХ-ны салбар зөвлөл нь анхан шатны нэгж бөгөөд салбар зөвлөлийг аймаг, нийслэл, нийслэлийн алслагдсан дүүрэгт байгуулна.

10.2. Салбар зөвлөл нь сум дүүрэгт хэсэгтэй байж болно.

10.3. Салбар зөвлөлийн удирдах дээд байгууллага нь тухайн орон нутгийн гишүүдээс бүрдсэн бага хурал байна. Бага хурлыг 4 жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит бус бага хурлыг удирдах зөвлөлийн гишүүдийн дөрөвний гурав 3/4 эсхүл нийт гишүүний гуравны хоёроос 2/3-оос доошгүй хувийн саналаар зарлан хуралдуулж болно.

10.4. Салбар зөвлөлийн удирдах зөвлөл нь 5-9 гишүүнтэй байна.

10.5. Салбар зөвлөл нь холбооны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлнэ.

10.6. Салбар зөвлөл нь тухайн орон нутагтаа МХҮХ-г төлөөлнө.

10.7. Салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдийг салбар зөвлөлийн бага хурлаас, салбар зөвлөлийн даргыг салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн хурлаас сонгож батална, чөлөөлнө. 

Арван нэг. МХҮХ-ны гишүүн, түүний бүрэн эрх

11.1. МХҮХ-нь үндсэн гишүүн,гишүүн, хандивлагч гишүүн гэсэн ангилалтай байна. МХҮХ-ны үндсэн гишүүн нь тус холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, харааны бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиаралдсан 16 нас хүрсэн, түүнчлэн харааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор тогтоогдсон ахмад настан, Монгол улсын болон харъяалалгүй гадаадын иргэн, хараагүй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Монголын улсын болон гадаадын байгууллага байж болно. Харааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь эрүүл мэндийн байгуулагын мэргэжпийн эмч нарын хяналтын комиссоор тогтоогдсон 16 хүртлэх насны хүүхэд МХҮХ-ны гишүүн байж болно.

11.2. МХҮХ-ны үндсэн гишүүн иргэн нь холбооны гишүүний үнэмлэхтэй, байгууллага нь гэрчилгээтэй байж болно.

11.3. МХҮХ-ны үндсэн гишүүн иргэн нь бүх шатны байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ба өөрийн нэрийг болон бусдын нэрийгдэвшүүлж болно.

11.4. МХҮХ-ны үндсэн гишүүн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, МХҮХ-ноос явуулж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдах эрхтэй.

11.5. МХҮХ-ны үндсэн гишүүн нь гишүүнээс саналаараа гарах ба дахин элсэж болно.

11.6. МХҮХ-ны үндсэн гишүүн нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож МХҮХ-ны дүрмийг дагаж мөрдөнө.

11.7. МХҮХ-ны үндсэн гишүүн нь гишүүний татварыг жил бүр тогтмол хураалгана.

11.8. МХҮХ-ны үндсэн гишүүн нь шилжин суурьшихдаа холбооны гишүүний шилжих хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгүүлнэ.

11.9. МХҮХ-ны үндсэн гишүүн байгууллага нь тус холбооноос явуулж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах эрхтэй.

11.10. Хандивлагч гишүүн нь МХҮХ-нд санхүүгийн болон бусад хэлбэрээр тусламж дэмжпэг үзүүлдэг Монгол улсын болон гадаадын иргэд, байгууллагууд байна.

11.11. МХҮХ-ны үндсэн гишүүн, гишүүн, хандивлагч гишүүн нь МХҮХ-ны  нэр хүндийг  дээдлэж, гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаална.

Арван хоёр. МХҮХ-ны хөрөнгө,санхүү

12.1. МХҮХ-ны санхүү нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ.

12.1.1. МХҮХ-ны үндсэн гишүүний татвар жилд иргэн10000 төгрөг, байгууллага 50000 төгрөг байна.

12.1.2. Хандивлагч гишүүн ба бусад аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хандив

12.1.3. Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсний орлого

12.1.4. МХҮХ-ны зорилгын хүрээнд явуулсан аж ахуйн үйл ажиллагааны орлого

12.1.5. МХҮХ-ны зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон төсөл хөтөлбөрүүдийн орлого

12.2. МХҮХ-ны санхүүг холбооны зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

12.3. МХҮХ-ны салбар зөвлөлд харъяалагдаж буй үндсэн гишүүний татварыг тухайн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд зарцуулна.

12.4. МХҮХ нь нөөцийн сан болон бусад сантай байж болох бөгөөд сангийн үйл ажиллагааны журмыг МХҮХ-ны удирдах зөвлөл батална.

12.5. МХҮХ-ны санхүүгийн тайлан нь МХҮХ-ны бүх гишүүдэд нээлттэй байна. 

Арван гурав. Хориглох зүйлс

13.1. Хамаарал бүхий этгээдүүд болох эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нар хамтдаа МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.

13.2. МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон хүн, өөр төрийн бус байгууллагын удирдах ажил, албан тушаалаас  чөлөөлөгдөнө. 

13.3. Тус дүрмийн 13.2 дахь заалт МХҮХ-ны нэгдэн орсон эвсэл, форм, ТББ -уудад хамаарахгүй.

13.4. МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МХҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нь нэгдмэл сонирхол бүхий ашиг сонирхолын зөрчилтэй хувь хүн, хуулийн этгээдтэй хамааралтай аливаа шийдвэр гаргахад оролцохыг хориглоно.

13.5. Удирдах зөвлөлийн гишүүний хамаарал бүхий этгээд холбооны хөрөнгө санхүү хариуцсан ажил албан тушаалд ажиллахыг хориглоно.

13.6. МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нь шашны үзэл суртлыг гишүүдэд илт сурталчилж, зан үйлийг дагаж мөрдөхийг, улс төрийн үзэл санаа тулгахыг хориглоно.

13.7. МХҮХ-ны гишүүн нь МХҮХ-ны нэр хүндийг гутаах, гишүүний хувийн нууцыг задруулахыг хориглоно.

13.8. МХҮХ-ны гишүүн нь хувь хүн, байгууллагын талаар гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээллийг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нэвтрүүлэхийг хориглоно.

13.9. МХҮХ-ны гишүүд, ажилтнууд холбооны хөрөнгө, санхүүг хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

13.10. МХҮХ-ны хөрөнгө, санхүүгээс ноогдол ашиг хуваарилах, улс төрийн үйл ажиллагаанд хандив өргөхийг хориглоно.

Арван дөрөв. Хариуцлага

14.1. МХҮХ-ны дүрмийг зөрчсөн гишүүн дараах хариуцлага хүлээнэ.

14.1.1. МХҮХ-ны гишүүний татварыг цаг тухайд нь төлөөгүй бол МХҮХ-ны аливаа дотоод сонгуульд нэр дэвших, сонгогдохыг хязгаарлана.

/Энэхүү заалт нь 2022 оны 01 сарын 01-нээс мөрдөнө./

14.2. Тус дүрмийн 13 дугаар зүйлд заасан хориглох зүйлсийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээргүй бол МХҮХ-ны ёс зүйн дүрмээр хариуцлага тооцно.

Арван тав. МХҮХ-г татан буулгах үндэслэл

15.1. МХҮХ нь зорилгодоо хүрсэн, цаашид ажиллах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд холбооны их хурлаар төлөөлөгчдийн гуравны хоёр 3/2-оос доошгүй хувийн саналаар татан буулгаж болно.

15.2. МХҮХ-г татан буулгах тохиолдолд үлдэх хөрөнгийг олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг ижил төстэй байгууллагад шилжүүлнэ.

 

МХҮХ-ны 11 дүгээр их хурлын төлөөлөгчид