Брайль болон Ярьдаг ном хэвлэх төвийн танилцуулга
“Брайль болон Ярьдаг ном хэвлэх төв" нь хараагүй иргэдийг мэдээллээр хангах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
2004 оны 2-р сарын 19-ны өдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан.
Тус хэвлэлийн төв нь Брайль ном хэвлэх төв, Ярьдаг номын студи гэсэн хоёр хэсгээс бүрддэг. “Брайль" хэвлэлийн төв нь - тусгай зориулалтын хэвлэлийн тоног төхөөрөмжөөр, “Брайль" цаасан дээр, товгор үсэгтэй (Брайль үсэг) тэмтрэн унших номыг хэвлэдэг бол “Ярьдаг“ номын студи нь - аливаа ном хэвлэлийг дэйзи форматад хөрвүүлж ярьдаг ном болгон хэвлэж байна. Брайль үсгээр хэлний ном, сурах бичиг, зарим хууль тогтоомж, сургалтын гарын авлагуудыг, Ярьдаг хэлбэрээр түүх, уран зохиол танин мэдэхүйн чиглэлийн болон хууль эрхзүйн номыг түлхүү хэвлэдэг. Тухайлбал:
- Брайль болон томруулсан хэлбэрээр
- Ном, сурах бичиг,
- Гарын авлага, сургалтын материал
- Хууль тогтоомж
- Байгууллагын танилцуулга
- Музейн үзмэрийн танилцуулга
- Товгор үсэгтэй нэрийн хуудас,
- Хаяг /Байгууллагын хаяг самбар/
- Сертификат, өргөмжлөл
- Товгор буюу тактайл хэлбэрээр
- Зурагт ном,
- Сургалтын материал
- Цагаан толгой
- Газрын зураг,
- 3D хэлбэрээр
- Биет дүрс
- Сургууль болон цэцэрлэгийн сургалтын биет хэрэглэгдэхүүн
- Ярьдаг буюу дэйзи хэлбэрээр
- Ном
- Гарын авлага
- Сургалтын материал
- Хууль тогтоомж
Эдгээр ном, материалыг АНУ, Швед, Япон зэрэг орнуудын Брайль хэвлэлийн тусгай тоног төхөөрөмж, студийн тоног төхөөрөмж ашиглан хэвлэж байна.
“Брайль болон Ярьдаг" ном хэвлэх төв нь хэвлэсэн номоо МХҮХ-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Харааны Бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хараагүйчүүдийн уншлагын танхимаар дамжуулан нийслэлд, МХҮХ-ны орон нутгийн салбар, мэдээллийн төвүүдээр дамжуулан хөдөө орон нутагт хүргэж Монгол Улсын хараагүй иргэдийн мэдээлэл авах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.