Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны уриалга
Нийтэлсэн Oct 8, 2020 by Administrator
Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны уриалга
28/09/2020
Жил бүрийн 10-р сарын 15-ны өдөр тохиох Дэлхийн Цагаан Таягтны өдрийг тэмдэглэх хүрээнд Дэлхийн Хараагүйчүүдийн Холбоо /ДХХ/-оос дараах уриалгыг шийдвэр гаргагч болон олон нийтэд сонордуулж байна.
ДХХ нь дэлхийн бусад улс орнуудтай хамтран 2020 оны 10-р сарын 15-ны Пүрэв гарагт Цагаан Таягтны өдрийг тэмдэглэж байна.
Цагаан Таягтны өдөр нь дэлхий нийтэд хараагүй болон сул хараатай хүмүүсийг бие даан амьдрахад нь чухал хэрэгсэл болох цагаан таягны ач холбогдлыг эргэн сануулдаг.
Дэлхийн улс орнууд COVID-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед хууль тогтоомж, бодлого боловсруулагчид болон холбогдох бүх оролцогч талуудад цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон зохих дэд бүтцийг төлөвлөх эсвэл дахин төлөвлөхдөө хүн бүрийн хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж түгээмэл загварыг харгалзан үзэхийг сануулж байна.
Бид бүгдээрээ л "Шинэ нөхцөл байдал" -д дасан зохицох шаардлагатай бөгөөд ингэснээр хэн ч хойно үлдэх ёсгүй юм.
ДХХ-ны 2020 оны 8-р сард явуулсан COVID-19 цар тахал дэлхийн өнцөг булан бүрд байгаа хараагүй иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны тайланд дурьдснаар судалгаанд оролцогчдын онцолсон бэрхшээлүүдийн нэг нь дараалалд зогсох болон зайнаас заагчийг хэрэглэх талаар авсан арга хэмжээ нь хараагүй болон сул хараатай хүмүүсийн хэрэгцээг харгалзан үзээгүй, тэдэнд хүртээмжгүй байсан тухай юм.
Нэг хариулагч "Эдгээр тэмдгүүд нь товойлгосон дүрсээр хийгдээгүй тул би урт таягаараа эдгээрийг мэдэрч чадахгүй, нохой маань эдгээр тэмдгийг хайж олохыг мэдэхгүй байна" гэжээ.
COVID-19 ба түүний үр нөлөөний эсрэг хариу арга хэмжээг авах үедээ оролцогч улсууд НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн тухай конвенцид заасан үүрэг хариуцлагаа тодруулбал 9-р зүйлд улс орнууд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрээлэн буй орчин, тээвэр, нийтийн эзэмшлийн байгууламжид нэвтрэхэд учрах аливаа саад, бэрхшээлийг олж арилгах, 19-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, амьдран суугаа орчиндоо хамт олны дунд хамрагдахыг баталгаажуулах тухай заасныг эргэн санаж байх нь чухал юм.
Нэмж дурьдахад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын 11-р зорилго нь Хот, суурин газруудыг хүн бүрт хүртээмжтэй, аюулгүй болгохын ач холбогдлыг онцолсон болно. Түгээмэл загвар нь хараагүй болон сул хараатай цагаан таяг хэрэглэгчдэд тулгардаг зарим бэрхшээлийг арилгах тул улс орнууд энэ зорилгод хүрэхийг эрмэлзэх нь чухал юм.
Цагаан таягтны өдрийг тэмдэглэхдээ бодлого боловсруулагч болон олон нийтэд хандан хараагүй болон сул хараатай хүний хүртээмжтэй аюулгүй орчинд цагаан таягаа ашиглан бие даан зорчих эрхийг болон цагаан таяг ашиглаж сурахад орон зай чиг баримжааны сургалт үйлчилгээ чухал болохыг ухамсарлан ойлгож дэмжиж ажиллахыг уриалж байна.
Хараагүй болон сул хараатай хүмүүс цагаан таягтай байх, ашиглахын ач холбогдлыг болон бүх нийтийн аюулгүй байдлын төлөө цагаан таягаа ариутган хэрэглэхийн чухлыг ойлгон ухамсарладаг.