Эрх зүйн мэдлэгийг сайжруулах, мэдлэг олгох, радио драм, шторк, радио жүжгийн уралдааны удирдамж
Нийтэлсэн Apr 14, 2020 by Administrator
Батлав.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны
Ерөнхийлөгч /Д.Гэрэл/
“Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах, мэдлэг олгох - шторк, радио жүжгийн уралдааны удирдамж”
Нэг. Нийтлэг үндэслэл:
Монгол улс НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцид 2009 онд нэгдэн орж, УИХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд, Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо,
хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2017 онд тус тус баталсан.
Төр засгаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хууль тогтоомж, хөтөлбөр, бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байсаар байна. Учир нь Хөгжлийн бэрхшээлийнхээ онцлогоос шалтгаалан хараа, сонсгол, хөдлөх тулах, оюуны гэх өөр хоорондоо ялгаатай байдлыг нь ойлгодоггүйгээс тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн асуудал орхигддог. Мөн хууль тогтоомж дүрэм, журмуудыг тухайн хүмүүсийн мэдээлэл авах онцлог хэрэгцээнд нийцсэн байдлаар хүртээмжтэй хэвлэж түгээдэггүйгээс хууль эрх зүйн мэдээллийг олж авч чаддаггүй.
Иймээс төрийн байгуулага болон олон нийт, харааны бэрхшээлтэй иргэдэд хууль эрх зүйн талаар сурталчилгаа мэдээллийг тэдэнд тохиромжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх шаардлага байсаар байна.
Хоёр. Зорилго
Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлын хүртээмжийг сайжруулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулж шалгарсан бүтээлийг олон нийтэд хүргэх,
Гурав. Хамрах хүрээ
Радио, хэвлэл мэдээллийн байгуулагууд болон сонирхогчид
Дөрөв. Уралдааны бүтээл нь дараах төрөлтэй байна
4.1. Радио жүжиг
4.2 Радио шторк
Тав. Уралдааны болзол
5.1Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энгийн ойлгомжтой агуулгатай, тодорхой асуудлыг хөндсөн байх
5.2 Хууль тогтоомжийг иргэдэд таниулах, эрх зүйн ойлголт мэдлэгийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх
5.3 Харааны бэрхшээлтэй иргэд хуулиар олгосон боломж, нөхцөлийг эдлэх, иргэдийн оролцооны эрхийг тайлбарлан таниулсан агуулгатай байх,
Зургаа. Бүтээлийн сэдэв, агуулга
Өнөөгийн нийгэмд харааны бэрхшээлтэй иргэдэд түгээмэл тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн туслалцаа болохуйц, мэдлэг мэдээлэл хаанаас авах, хэрхэн шийдвэрлэх боломжийг харуулсан байх ба иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан зорилтот бүлэгт тохирсон эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлсэн тэдгээрийн хүртээмжийг хангасан байна.
Долоо. Оролцогчдод дараах сэдвийн хүрээнд бүтээл ирүүлэхийг санал болгож байна.
Үүнд:
7.1 Харааны бэрхшээлтэй иргэд хууль зүйн мэдлэгтэй байхын ач холбогдол,
7.2 Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх
7.3. Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх оновчтой арга зам
7.4. Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт,
7.5. Иргэдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээ, түүний эрх зүйн зохицуулалт, анхаарах зүйлс,
7.6. Хүний эрх, эрх чөлөө, харааны бэрхшээлтэй иргэдийн бүх шатны шийдвэр гаргах түвшин дэх оролцоо,
7.7. Хүртээмж /мэдээлэл, дэд бүтэц, гадаад дотоод орчин түүний стандарт/
Найм. Уралдааны шалгаруулалтанд тавигдах нийтлэг шаардлага
- Нэр томьёо, үг хэллэг нь иргэдэд ойлгомжтой энгийн байх,
8.2. Хүний эрхийг дээдэлсэн байх,
8.3. Удирдамжид заасан чиглэл, хамрах хүрээ, сэдэвт нийцсэн байх,
8.4. Уран сайхны, зохиомжит шийдэлтэй байх,
8.5 Бичлэг нь шаардлага хангасан байх, /44100x16 bit stereo format:wav/
8.6 Шторк /Үргэлжлэх хугацаа 1-3 минут/,
8.7 Радио жүжиг /Үргэлжлэх хугацаа 5-10 минут/,
8.8 Бүтээл нь оюуны өмчийн зөрчилгүй байна,
Ес. Уралдаанд ирүүлэх материал
Уралдаанд оролцогчид дараах материалыг хавсарган ирүүлнэ.
9.1 Уралдаан оролцох бүтээл /файль хэлбэрээр/
9.2 Оролцогчдын танилцуулга,
9.3 Найруулагчийн зохиол, сценари,
Арав. Бүтээл хүлээн авах хугацаа, байршил
2020.04.13 - 2020.05.13-ны өдрийн 17.00 цаг хүртэл МХҮХ-ны төв байранд болон moonangel_83@yahoo.com e-mail хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн “В” корпус
Холбоо барих утас: 70044179, 99450485,88007402
2020.06.05-ны дотор уралдааны дүнг гарган оролцогчдод танилцуулна.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг МХҮХ-ны дэргэдэх “Бест FM 98.5” радиогоор олон нийтэд хүргэнэ.
Арав нэг. Уралдаан шалгаруулах комисс
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ноос байгуулагдсан МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, сонсогчид, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс шалгаруулна.
Арван хоёр. Шагнал
12.1. Радио жүжиг
1-р байр 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг,
2-р байр 1,000,000 /Нэг сая/ төгрөг
3-р байр 600,000 /Зургаан зуун мянган/ төгрөг
Тусгай байр 300,000 /Гурван зуун мянган/ төгрөг
12.2. Шторк
1-р байр 1,000,000 /Нэг сая/ төгрөг
2-р байр 600,000 /Зургаан зуун мянган/ төгрөг
3-р байр 400,000 /Дөрвөн зуун мянган/ төгрөг
Тусгай байр 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг,